**Боловсрол ба Тэтгэлэг **
“Боловсрол ба тэтгэлгийн ирээдүйн чиг хандлага” сэдвээр боловсрол зуучлалын “Scholarship Academy” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал ноён Зоригбаатартай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
Сурвалжлагч О.Идэр: Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авч хүүхэд залуучуудад мэдээлэл түгээн ярилцахаар болсонд талархал илэрхийлье. Юуны өмнө таныг уншигчдад өөрийгөө болон байгууллагаа танилцуулна уу хэмээн урьж байна.
ХАРИУЛТ: Сайн. Сайн байна уу? Танд болон уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Энхтөр овогтой Зоригбаатар гэдэг. Солонгос Улсад суралцахаар зорьж буй сурагчдадаа гүүр нь болж шилдэг их дээд сургуулиуд тэр дундаа тэтгэлэгтэй элсэн суралцах боломжийг нээн ажиллахаар зорин 2021 онд Сколаршип Академи-аа үүсгэн байгуулсан. Харин 2023 оны байдлаар өргөжин тэлсээр БНСУ, АНУ, Австрали, Канад Улсууд руу боловсролын зөвлөхөөр чиглүүлэн ажиллаж байна.
Асуулт: КОВИД-19 цар тахлын дараа эм үйлдвэрлэл, эрүүл мэнд, техник технологийн салбарт маш олон чухал өөрчлөлтүүд гарч зарим өөрчлөлт нь цар тахал дууссан хэдий ч бидний өдөр тутмын амьдралын хэв маягт үлдэж байгаа нь ажиглагдаж байна. Харин боловсролын салбарт цар тахал ямар өөрчлөлт, сорилтыг авчирч, аль өөрчлөлт нь ирээдүйд үлдэнэ гэж та харж байна вэ?
ХАРИУЛТ: Боловсролын салбарт тэр дундаа гадаадад суралцаж буй залуусын хувьд хил гаалийн асуудал үүсэж байсан хэдий ч Ковид-19 цар тахал боловсролын салбарт нэг том өөрчлөлт авчирсан нь техник, технологийн өөрчлөлт буюу цахим орчинд суралцах олон хувилбарыг бий болгосон явдал юм. Цахим боловсрол нь илүү олон хүнд хүрч, хүртээмжтэй болсон ба цахим сургалтыг, танхимын сургалтыг хослуулан илүү үр дүнтэй болгосон. Энэ нь ирээдүйд илүү хөгжиж хүмүүсийн цаг зав хэмнэх, ил тод, нээлттэй болох, хүртээмжтэй байдал нэмэгдэх гэх мэт олон давуу талыг бий болгоно гэж би хувьдаа харж байгаа.
Асуулт: Дэлхийн хүн ам өнгөрөгч жилийн 11-р сард 8 тэрбум хүрсэн баяртай мэдээг бид дэлхий даяар сонссон билээ. Үүнтэй холбогдуулан боловсролын салбарт ирэх жилүүдэд ямар өөрчлөлтүүд гарч, бид ямар сорилтуудтай тулгарна гэж та харж байгаа вэ?
ХАРИУЛТ: Өдөр, хоног цагаар л хүүхдүүд өсөж, хөгжиж, оюун ухааны ялгаа ч ихээхэн гарч байгаа нь ажиглагдаж байгаа. Жишээ нь хүүхдүүд 2, 3 настайгаасаа л хэн ч сур, үз гээгүй байхад л youtube гэх том цахим орчноос өөрсдөө англи хэлээр уншиж, ярьж сурч байгаа нь ирээдүйд хүүхдүүд ямар байх, боловсролын салбарт ямар өөрчлөлт, шинэчлэлүүд хэрэгтэй байгааг ил болгоод байна. Тиймээс боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэл хийх судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлэх, одоо ашиглагдаж буй сургалтын хөтөлбөр, арга зүйд томоохон өөрчлөлт оруулах сорилтууд нүүрлэж байна.
Асуулт: Таны зүгээс дээрх өөрчлөлтүүдтэй холбогдуулан тэтгэлэг олгогч байгууллагууд дотооддоо ямар зохицуулалт хийж эхлэх, сурагчдад тавигдах шаардлагуудад ямар чиг хандлагатайгаар өөрчлөгдөх талаар таамаглал дэвшүүлбэл?
ХАРИУЛТ: Дотоодын бүх түвшний сургалтын байгууллага , хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурагчдыг үнэн бодит зөв мэдээллээр хангах, гадаадад суралцахаар зорьж байгаа сурагчдыг хэзээнээс бэлтгэх, юуг анхаарах зэрэг анхан шатны мэдээллийг үнэ төлбөргүйгээр хангалттай хүргэх шаардлагатай гэж үздэг. Сурагчдад тавигдах шаардлагын хувьд гадагшаа суралцахаар зорьж буй сурагчид ихэссэн ба тэр хэрээр сурагчид өрсөлдөх чадвараа сайжруулах, үргэлж ямар нэг зүйлээр хөгжиж дэвших, сониуч, идэвх чармайлттай байхыг нийгэм өөрөө шаардаж байгаа. Тэгэхээр аль болох судалгаа шинжилгээ ихтэй байж, харьцуулалт хийх боломжийг өөрт бий болгож сурах нь л суурь шаардлага болоод байна.
Асуулт: Мөн өнгөрөгч жилүүдэд олон улсын боловсрол олгогч байгууллагууд “Diversity Scholarship” гэх зүйлийг онцгойлон анхаарч үзэх болсон нь ажиглагдаж байна. Та үүнийг ямар учраас ийм өөрчлөлтөд хүрч байгаа гэж харж байгаа вэ? Мөн Монгол сурагчдад энэ нөхцөл байдал яаж тусах бол?
ХАРИУЛТ:
Ер нь суралцахад шашин шүтлэг, нас хүйс, зэрэг зиндаа хамаарахгүй л суралцах ёстой. Энэ үзэл баримтлал одоо үед ур чадвартай, суралцах чин хүсэлтэй л бол санхүү мөнгө, баян ядуу хамаарахгүй суралцах боломжийг олгохыг зорьж байгаа харагддаг. Манай байгууллага ч энэ тал дээр дэмжиж, суралцах чин хүсэлтэй залуучууддаа боломж олгох үүднээс Scholarship Academy Awards гэх шалгаруулалтыг явуулан жилдээ 3-5 оюутны тэтгэлгийн материалыг үнэ төлбөргүй бэлтгэн илгээдэг. Монгол сурагчид маань олон улсад зарлагддаг олон төрлийн тэтгэлгүүдэд хамрагдах бүрэн боломжтой. Тэгэхээр эртнээс судалж, материалаа бэлтгэн, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах шаардлагатай ба Монгол сурагч дэлхийн шилдгүүдтэй хамт, дэлхийн шилдэг сургуульд суралцах бүрэн боломжтой гэдэгт маш итгэлтэй байдаг. Тийм ч учраас энэ салбарт хувь нэмрээ оруулахаар зорин ажиллаж байна.
Асуулт: Та тэтгэлгээр суралцахаар дөнгөж судалгаа хийж эхэлж байгаа хүүхэд залуучуудад юу захиж хэлэх вэ?
**ХАРИУЛТ: **
Ер нь гадаадад боловсрол дээшлүүлэхээр зорьж байгаа бол аль болох л эртнээс эхлэх нь хамгийн чухал зүйл /дунд ангиасаа ч эхэлсэн болно/. Хэн эрт судална тэр хэрээр бага багаар өөрийгөө ахиулж, ачаалалд дарагдалгүй, сэтгэл зүйн хүндрэлд оролгүйгээр амжилтыг бүтээх боломжтой байдаг. Хугацааг нь тулгасан болон судлах зүйл олон байгаа хүүхдүүд тэр бүх зүйлдээ түүртэж сэтгэл зүйн асуудалд ч ордог. Тэгэхээр амжилт болоод сэтгэл зүй, бие махбодын эрүүл байдалд анхаарахын тулд бага багаар л өсөн дэвжээрэй гэж хэлье. Бас нэг чухал зүйл ямагт А ба Б гэсэн хувилбартай байх хэрэгтэй. Хэрвээ үнэхээр нэг зүйлдээ л найдсан байтал гэнэт бүтэлгүйтвэл яах вэ? Тэгэхээр ард нь ийм аюулгүй сонголтыг бий болгож асуудал гарвал сонголттой гэсэн сэтгэл зүйтэй байх хэрэгтэй.
Асуулт: Та тэтгэлгийн талаар мэдээллээ хаанаас авахыг зөвлөх вэ?
21-р зуунд интернэт гэх хамгийн том хөтөч байна. Хүссэн зүйлээ бичээд л хайхад чиглүүлэх олон олон зүйл байна. Хамгийн чухал нь баталгаат үнэн бодит мэдээлэл бөгөөд үүнд эх сурвалж хамгийн чухал билээ. Энэхүү үнэн бодит мэдээллийг хангагч гол зүйл бол их сургуулиуд болон тухайн чиглэлээр мэргэшин ажиллаж байгаа манайх шиг байгууллагууд юм.
Бидний урилгыг хүлээн авч, маш өргөн хүрээнд ярилцлага хийж, сонирхолтой мэдээлэл өгсөнд тань баярлалаа.
Боловсролын талаар мэдээ мэдээллээр ханган ажиллахад хувь нэмэр оруулж буй та бүхэнд цаашдын ажилд нь амжилт хүсье.
2011 оноос хойш тасралтгүй өсөж байсан үл хөдлөх хөрөнгийн үнэ Ковид-19 цар тахл...
ДэлгэрэнгүйДэлхийн хүн амын өсөлт, технологийн дэвшил, интернэт хэрэглээний өсөлттэй холбоо...
ДэлгэрэнгүйУлаанбаатар хотын төвийн дүүргийн нийт 1378,183 өрхийн эх олонлогоос статистикий...
Дэлгэрэнгүй