Ухаалаг утасны зах зээл ба ирээдүйн чиг хандлага

Дэлхийн хүн амын өсөлт, технологийн дэвшил, интернэт хэрэглээний өсөлттэй холбоотойгоор ухаалаг утасны зах зээл тэлсээр байна. 2021 оны байдлаар ухаалаг утсаараа интернэтэд хандагчдын тоо 4,2 тэрбумд хүрсэн ба энэ нь дэлхийн нийт хүн амын 53% юм. Энэ тоо цаашид ч өсөж 2025 он гэхэд 5 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Энэ нь жилд дунджаар 4,5%-ийн өсөлт үзүүлнэ гэсэн үг юм. Мөн нийт хүн амын 74% нь ухаалаг утас хэрэглэж байгаа ба энэ тоо 2025 онд 84% болж нэмэгдэх тооцоололтой байна.


Эх сурвалж: GSMA report

Ухаалаг утас хэрэглэгчдийн тоо болон интернэт хэрэглээ өссөнтэй холбоотойгоор гар утасны дата хэрэглээ ирэх 6 жилийн хугацаанд ихэнх бүсүүдэд хамгийн багадаа 3 дахин өснө. Нэг ухаалаг утсанд ногдох дата хэрэглээ 2021 онд сард дунджаар 11,4GB байсан бол 2027 онд 41GB болж 3,6 дахин өсөх тооцоололтой байна.


   


5G ухаалаг утасны зах зээлийн хэмжээ


   


Эх сурвалж: GIS

Энэхүү дата хэрэглээний өсөлттэй холбоотойгоор 5G технологи үсрэнгүй тэлэх төлөвтэй байна. Одоогоор нийт хүн амын 8% нь 5G технологи ашиглаж байгаа ба 2025 он гэхэд 25%-д хүрэх болно. Технологийн дэвшил болон дата хэрэглээнээс үүдэн ухаалаг утасны зах зээл тасралтгүй тэлэх нь ажиглагдаж байна.


Харин ухаалаг утасны зах зээлийн гол тоглогчид нь Samsung, Apple, Xiaomi, OPPO, Vivo зэрэг брэндүүд байна. Strategy Analytics-аас гаргасан мэдээллийн дагуу 2022 онд дэлхийн ухаалаг гар утасны нийлүүлэлт жилийн өмнөхөөс 10%-иар буурсан ба буурах хандлага 2023 оныг дуустал үргэлжлэх төлөвтэй байна. Хэдийгээр зах зээл нийтдээ агшсан ч Samsung болон Apple зэрэг зах зээлд тэргүүлэгчдийн зах зээлийн хэмжээ өсөж, Xiaomi, OPPO, Vivo зэрэг брэндүүдийн зах зээлийн хэмжээ буурсан байна. Энэ нь БНХАУ-ын Ковид-19 цар тахлын хорио цээрийн нөхцөл байдал болон дэлхийн инфляц, эдийн засгийн уналтаас үүдэлтэй юм.


   


Гол тоглогчдын зах зээлд эзлэх хувь


   


Эх сурвалж: Counterpoint Technology market research

Samsung брэндийн хувьд эвхэгддэг утасны борлуулалттай холбоотойгоор зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлсэн. 2023 оны санхүүгийн жилд эвхэгддэг ухаалаг гар утасны дэлхийн нийлүүлэлт өмнөх оноос 52%-иар өсөж 22.7 сая ширхэг борлуулагдах төлөвтэй байгаа бол ирэх онд энэ тоо 26 сая ширхэг болж өсөх төлөвтэй байна. 2025 он гэхэд эвхэгддэг дэлгэцтэй гар утас дээд зэрэглэлийн зах зээлийн 40-50 хувийг эзэлнэ гэсэн тооцоо гарчээ.


   


Эвхэгддэг утасний зах зээлийн өсөлт


   


2023 онд дэлхийн хэмжээнд 20-иос доошгүй нэр төрлийн шинэ эвхдэг дэлгэцтэй бүтээгдэхүүн худалдаалагдаж эхлэх бөгөөд эвхэгддэг дэлгэцтэй гар утаснаас гадна эвхэгддэг дэлгэцтэй таблет зэрэг шинэ бүтээгдэхүүнүүд мөн нээлтээ хийх төлөвтэй байна. Эвхэгддэг дэлгэцтэй гар утасны салбарт илүү олон үйлдвэрлэгчид орохын хэрээр энэ цуврал гар утасны үнэ тогтворжиж, санхүүгийн хувьд илүү олон хүн эвхэгддэг гар утас худалдан авах боломжтой болно.


   


Түүнчлэн гар утасны камер, дэлгэц, батарей зэрэг бүрдэл хэсгүүдэд технологийн дэвшилт тасралтгүй явагдаж байна. Фотоник болор дэлгэц ойрын ирээдүйд нэвтэрч LCD болон OLED дэлгэцүүдийн оронд ашиглагдах болно. Apple болон Google компаниуд тэртээ 2013 онд фотоник болор дэлгэцэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байсан бөгөөд тун ойрын хугацаанд бид энэ төрлийн дэлгэцийг ашиглах боломжтой болох юм. Мөн ирээдүйд гар утсанд нэвтэрч болох шийдэл бол Holographic display буюу 3D байдлаар дэлгэцээс ил гарч ирсэн технологи юм. Энэ нь virtual reality-г нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй. Батарейны хувьд 1 минутад 100% хүртэл цэнэглэгдэх боломжтой нано технологи, бүх ухаалаг утсанд таардаг утасгүй цэнэглэгч, долгионоор цэнэглэгддэг батарей зэрэг олон олон нээлтүүд биднийг хүлээж байна.


   


Ухаалаг утасны хамгийн чухал шинэчлэлүүд нь хиймэл оюун ухаанд суурилсан технологиуд болох бөгөөд таны эрүүл мэнд, биеийн байдлыг track хийх, өвчний шинж тэмдгүүдийг анхааруулах систем болон таны мэдээллүүдэд үндэслэн хувийн сэтгэл зүйч, туслах санхүүч маягаар ажиллах боломжтой технологиуд нэвтрэх юм.

Ирэх арван жилд гар утасны технологи ямар өөрчлөлт авчрахыг бид урьдчилан таамаглах боломжгүй ч ухаалаг утас нь бидний амьдралын салшгүй хэсэг болсон гэдэг нь маргаангүй.


Сүүлд нийтлэгдсэн мэдээллүүд

Боловсрол ба тэтгэлгийн ирээдүйн чиг хандлага

“Боловсрол ба тэтгэлгийн ирээдүйн чиг хандлага”...

Дэлгэрэнгүй
Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл

2011 оноос хойш тасралтгүй өсөж байсан үл хөдлөх хөрөнгийн үнэ Ковид-19 цар тахл...

Дэлгэрэнгүй
Хувийн сургууль уу? Улсын сургууль уу?

Улаанбаатар хотын төвийн дүүргийн нийт 1378,183 өрхийн эх олонлогоос статистикий...

Дэлгэрэнгүй