Хувийн сургууль уу? Улсын сургууль уу?

Улаанбаатар хотын төвийн дүүргийн нийт 1,378,183 өрхийн эх олонлогоос статистикийн хувьд найдвартай байх, хамгийн бага хангалттай хэмжээний түүврийг буюу 383 өрхийн төлөөлөл эцэг эхчүүдийг санамсаргүй байдлаар түүвэрлэн хүүхдээ ямар сургуульд сургахыг илүүд үзэх талаар судалгаа хийлээ. Тус судалгааны үр дүнд нийт эцэг эхийн 27% нь улсын сургуульд, 26% олон улсын сургуульд хүүхдээ сургахыг чухалчлан үзсэн бол үлдсэн 47% нь хүүхдээ хувийн сургуульд суралцуулах сонирхолтой гэж хариулжээ.

   


График


Тэгвэл хүүхдийн сурч боловсрох хэрэгцээнд нийцсэн сайн хувийн сургуулийг яаж сонгодог вэ?


Эцэг эхчүүд болон сурагч нар ямар хүчин зүйлүүдийг харгалзан үзэж сонголтоо хийвэл зохих талаар болон ямар боловсролын хөтөлбөр арга барил олон улсын чиг хандлагыг тодорхойлж байгаа талаар бяцхан мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.


Хувийн сургууль сонгохдоо дараах 4 үзүүлэлтийг харгалзан үзэж сонголтоо хийхийг зөвлөж байна.

Үүнд:


**1. АКАДЕМИК НҮҮР ЦАРАЙ **

   

Сургуулиас санал болгох боловсролын хөтөлбөрийн талаарх бүх зүйлсийг хамруулан ойлгож болно. Үүнд сургуулийн баримталдаг боловсролын арга барил, стандартад нийцсэн сургалтын хөтөлбөр, хөтөлбөрийн хамрах хүрээ, дэс дараалал, багш сурган хүмүүжүүлэгчийн заах арга зүй, үнэлгээний аргачлал, сургалтын орчны техник, технологийн хэрэглээ, мөн төгсөгчдөө цаашдын боловсролын карьерт нь хэрхэн бэлддэг зэргийг багтааж үзнэ.

●Чанартай багш нар

●Хэрэгжих боломжтой стандартад нийцсэн сургалтын хөтөлбөр

●Цаашдын боловсролын карьерт нь бэлтгэх

●Шинэлэг технологийн хэрэглээ болон зохицуулалт

●Үнэлгээний аргачлал

   

**2. СУРАГЧДЫН ХӨГЖИЛ **

   

Энэ хэсэгт сургуулиас сурагчдад санал болгож буй академик бус, хичээлээс гадуурх хөтөлбөрүүдийг авч үздэг. Сайн сургууль нь ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх, эрүүл дадал зуршлыг төлөвшүүлэх, шаргуу хөдөлмөрийн амтыг мэдрүүлэх, ингэх явцдаа сурагчид хөгжилтэй байх боломжоор хангахад анхаарлаа хандуулж ажилладаг байна.

●Олон төрлийн спортын хөтөлбөрүүд


●Дүрслэх урлаг


●Холистик хөгжил

   

3. СУРГУУЛИЙН СОЁЛ

   

Сургуулийн соёл нь сурагчдыг сурч боловсрохыг дэмждэг, чиглүүлдэг орчин. Багш, ажилчдын харилцаа хандлага, байгууллагын зорилго, бусад байгууллагуудтай хамтран сурагчдадаа боломжуудыг нээж буй харилцаа холбоог хэлнэ.

●Сурагч төвтэй байх

●Бие махбодь, сэтгэл санаа, нийгмийн талаасаа аюулгүй байх

●Харилцаа холбоо сайтай байх

●Захиргаа, удирдлагын алба нь ажилдаа сэтгэлтэй байх

   

**4. БАЙГУУЛЛАГЫН ОРЧИН **

   

Энд сургуулийн гадна, дотор орчин нөхцөл болон эргэн тойрон дахь орчныг бүтнээр нь авч үзэх ба эцэг эхийн оролцоог дэмжсэн байдал, хичээлийн байрны тохижилт, зохион байгуулалт зэрэг хүчин зүйлсийг авч үздэг.


●Эцэг эхийн оролцоог дэмжсэн байдал


●Зорилгодоо тулгуурласан философи мөн үүнийг дагасан шийдвэр гаргалт


●Хичээлийн байрны тохижилт нь аюулгүй, тав тухтай байдлыг бүрдүүлээд зогсохгүй сурагчдын хэрэгцээг хангасан байх


●Мэдээ, мэдээлэлд үндэслэсэн шийдвэр гаргалт


Боловсрол гэдэг нь байнга хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг ойлголт бөгөөд олон зуун жилийн туршид дэлхийн түүхэн хөгжлийн хамт хүүхдийн боловсролд хандах хандлага мөн өөрчлөгдсөөр иржээ. Өнгөрсөн жилүүдэд КОВИД-19 цар тахлын улмаас үүссэн үр дагаврыг даван туулахад технологийн салбар голлох үүрэг гүйцэтгэж, маш олон салбаруудад тэр дундаа боловсролын салбарт үнэтэй хувь нэмрээ оруулсан. Ийнхүү 2023 онд сурагчдад хичээлийг илүү хүртээмжтэй байх үүднээс түлхүү ашиглагдаж буй сургалтын арга барилуудын чиг хандлагыг хүргэе.

   

1. Тоглоомжуулалт

   

Тоглоомжуулалт гэх нэршил нь идэвх, оролцоог нэмэгдүүлэх үүднээс тоглоомын механик шинжийг тоглоом биш орчинд нэвтрүүлэх үзэгдлийг тайлбарладаг. Энэхүү арга барилыг багш, сурган хүмүүжүүлэгч нар дээр дурдсан зорилгын хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх болсон нь сурагчдад бие даан ажиллах, ур чадвараа бусдад таниулах, өсвөр насны хүүхдүүдийн танин мэдэхүйн хөгжилд туслах зэрэг сайн үр дүнгүүдэд хүрч байгаа нь судалгаагаар батлагдсан байна.

   

2. Виртуал бодит байдал (VR) ба баяжуулсан бодит байдал (AR)

   

Энэхүү сургалтын арга барил нь сурагчдад бага эрсдэлтэйгээр анагаах ухааны симуляци, шинжлэх ухаан, технологи, математикийн нарийн төвөгтэй ойлголтуудыг өөрөө туршиж үзэх боломжийг олгодгоороо онцлог юм. Ирээдүйд боловсролын салбар дахь уламжлалт сургалтын арга зүй өөрчлөгдөж, VR болон AR технологи нь багш нарын заах, сурагчдын сурах арга барилд тус тус бүрэн хувьсгал хийх боломжтой.

   

3. Нано сургалт

   

Нано сургалтыг техникийн жижиг хэсгийн сургалт гэж бас нэрлэдэг бөгөөд нарийн төвөгтэй сэдвүүдийг жижиг хэсгүүдэд хувааж судалдаг. Нэг хичээл нь 2-10 минутын хугацаатай үргэлжилдэг ба олон төрлийн мэдээллийн хэрэгслийг ашиглан сурагчдад хурдан ойлгуулж, хурдан сургахаар зорьдог.

   

4. STEAM боловсролын хөтөлбөр

   

Бидний танилцуулах дараагийн чиг хандлага бол “STEAM” буюу Шинжлэх Ухаан, Технологи, Инженерийн шийдэл, Урлаг, Математик гэсэн үгнүүдийн товчлол бөгөөд гол зорилго нь эдгээр салбаруудын хүрээнд зохих мэдлэг, чадварыг сурагчдад эзэмшүүлэх явдал байдаг. Энэхүү боловсролын арга барилд багш нар хөтөлбөрт тусгагдсан агуулгын хүрээнд сурагчдын бие даан хэрэгжүүлэх хичээл, төслүүдийг бэлдэж, чиглүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг ба сурагчид практик дээр тулгуурлан асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, танин мэдэх, логик сэтгэлгээ зэрэг чадваруудаа хөгжүүлдэг нь онцлог юм.

   

5. Холистик боловсрол

   

Холистик сургалтын арга барил нь хүүхдийн боловсролыг том зургаар нь авч үздэг бөгөөд хүүхдийн оюун ухаан, сэтгэл хөдлөл, бие бялдар зэрэг бүх талын хөгжлийг цогцоор нь чухалчлан үзэж ирээдүйд бие даасан хариуцлагатай иргэн болж төлөвшүүлэх зорилготой байдаг.

Эдгээр сургалтын арга барилууд нь хүүхдийг сургуулийн орчинд илүү үр дүнтэй байж, аль салбар чиглэл рүү сонирхолтой байгааг нь тодорхойлох, ирээдүйн мэргэжил сонголтоо зөв хийхэд чухал нөлөөтэй ба таны хүүхэд сургуульд орох гэж байгаа бол таны сонгосон сургуулийн хөтөлбөр, арга зүй нь дээр дурдсан чиг хандлагуудтай хэр нийцэж байгааг ажиглахыг зөвлөж байна.


Сүүлд нийтлэгдсэн мэдээллүүд

Боловсрол ба тэтгэлгийн ирээдүйн чиг хандлага

“Боловсрол ба тэтгэлгийн ирээдүйн чиг хандлага”...

Дэлгэрэнгүй
Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл

2011 оноос хойш тасралтгүй өсөж байсан үл хөдлөх хөрөнгийн үнэ Ковид-19 цар тахл...

Дэлгэрэнгүй
Ухаалаг утасны зах зээл ба ирээдүйн чиг хандлага

Дэлхийн хүн амын өсөлт, технологийн дэвшил, интернэт хэрэглээний өсөлттэй холбоо...

Дэлгэрэнгүй